2015 оны 07-р сарын 27-ны өдөр хуралдсан аймгийн ИТХ-ын XIII хуралдаанаас гарсан шийдвэр:
НЭГДҮГЭЭР АСУУДАЛ:
Аймгийн эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд
өөрчлөлт оруулах тухай
Нэг. “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д өөрчлөлт оруулах тухай” аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 11 дүгээр хуралдааны 04 дүгээр тогтоолын 3.3.18 дугаар заалтыг “Төсвийн хөрөнгөөр шинээр тавигдах авто зам, явган зам, инженерийн шугам сүлжээний трасст орсон болон хүүхдийн цэцэрлэг шинээр баригдах, баригдахаар төлөвлөгдсөн газрыг чөлөөлж иргэн, аж ахуйн нэгжийн өмчлөл, эзэмшил газрыг, шилжүүлэн нөхөн олгох, нөхөн олговрын төлбөр, газар чөлөөлөх зардлыг шийдвэрлэнэ”, 3.3.23 дугаар заалтыг “Мянганы замаас Баянтүмэн сум руу хатуу хучилттай автозам барих ажлыг эхлүүлнэ”, Барилга, хот төлөвлөлт, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээг хөгжүүлэх зорилтын 3.3.24 дүгээр заалтад тусгагдсан “Чойбалсан хотын нийтийн эзэмшлийн орон сууцны байруудын дээвэр, мансардын судалгаа, тооцоо хийнэ” гэж өөрчлөн найруулан батлав.
Хоёр. “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн Боловсролын салбарын зорилтын 2.2.8 дугаар заалтад тусгагдсан “Баяндун суманд ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны барилга барих”, 2.2.13 дугаар заалтад тусгагдсан “Боловсролын газрын барилгыг барьж дуусган ашиглалтад өгөх”, гэсэн ажлуудын санхүүжилт Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн тодотголоор хасагдсан, мөн 3.3.11 дүгээр заалтад тусгагдсан “Халхгол, Чулуунхороот сумдыг төвлөрсөн эрчим хүчний эх үүсвэрт холбох ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ” гэсэн заалтын Чулуунхороот сумыг төвлөрсөн эрчим хүчний эх үүсвэрт холбох ажлын санхүүжилт хасагдсан тул үндсэн чиглэлээс хасаж өөрчлөв
ХОЁРДУГААР АСУУДАЛ:
Аймгийн “Хөгжлийн сан”-гийн журмыг шинэчлэн батлах тухай
Нэг. Хөгжлийн сангийн үйл ажиллагааг журмын дагуу зохион байгуулж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын жилийн эцсийн ээлжит хуралдаанд тайлагнаж, Сангийн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулж, удирдлагаар хангаж ажиллахыг сангийн удирдах зөвлөлийн дарга, аймгийн Засаг дарга /М.Бадамсүрэн/-д даалгалаа.
Хоёр. Аймгийн “Хөгжлийн сан”-ийн шинэчлэн баталсан журмыг сум, орон нутгийнхаа онцлогт нийцүүлэн боловсруулж, сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулж, мөрдөж ажиллахыг сумын Засаг дарга нарт үүрэг болгов.
ГУРАВДУГААР АСУУДАЛ:
Баянтүмэн, Хэрлэн, Чойбалсан сумын хилийн цэсийн эргэлтийн цэгийн солбицлыг батлах тухай
Нэг. Баянтүмэн, Хэрлэн, Чойбалсан сумын хилийн цэсийн эргэлтийн цэгийн солбицлыг хавсралтаар батлав. /1990 оны тогтоолын дагуу Хэрлэн сумын нийт нутаг дэвсгэр одоогийн байгаа хэмжээ болох 28000 га дээр Чойбалсан сумын нутаг дэвсгэрээс нийт нутаг дэвсгэрийн 1.1 хувь буюу 11360.3 га газар, Баянтүмэн сумын нутаг дэвсгэрээс 3.37 хувь буюу 28021.44 га газар тус тус нэмэгдэж 68199.48 га болох юм/
Хоёр. Тогтоолыг холбогдох газарт хүргүүлэх ажлыг зохион байгуулахыг аймгийн Засаг дарга /М.Бадамсүрэн/-д, нутаг дэвсгэрийн хилийн цэсийн эргэлтийн цэгийн солбицлыг газрын зохион байгуулалтын үйл ажиллагаанд мөрдлөг болгон хэрэгжүүлэх, хяналт тавьж ажиллахыг аймаг, сумын Засаг дарга нарт үүрэг болгов.
ДӨРӨВДҮГЭЭР АСУУДАЛ
Аймгийн бэлгэ тэмдгийг өөрчлөх тухай
Нэг. Дорнод аймгийн бэлгэ тэмдгийг өөрчлөх саналыг дэмжив.
/Зээрийн дүрсийг авах/
Хоёр. Бэлгэ тэмдгийг анх зохиосон зохиогчийн эрхийг хэвээр хадгалуулж, шинэчилсэн өөрчлөлтийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар хэлэлцүүлэхийг аймгийн Засаг дарга /М.Бадамсүрэн/-д даалгалаа.
АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА