Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

Журам

2014-10-10

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХОРООДЫН ИРГЭНИЙ
ТАНХИМЫН АЖИЛЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Төрийн бодлого шийдвэр, хуулийн төсөл, дүрэм журам, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас гарах шийдвэр, нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах үүрэг бүхий хороодын “Иргэний танхим” /цаашид Иргэний танхим гэнэ/-ын үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.

Хоёр. “Иргэний танхим”-ын зорилго, үйл ажиллагааны зарчим

2.1. ”Иргэний танхим”-ын зорилго нь хууль, дүрэм, журам, хөтөлбөр, бодлого шийдвэрийн төсөлд иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас гаргасан санал, санаачлага, нэмэлт өөрчлөлт оруулах тухай мэдээлэл авах замаар төрийн болон дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас гарах шийдвэрт олон нийтийн оролцоог хангах явдал юм.
2.2. Иргэний танхимын үйл ажиллагаа нь олон нийтэд нээлттэй байна.
2.3. Иргэний танхимд зохион байгуулах аливаа хэлэлцүүлэг, санал солилцох уулзалт ярилцлага нь тодорхой эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргах бодлогын бичиг баримтын төслийг үндэслэн шийдвэр гаргахын өмнөх шатанд явагдана.
2.4. Хэлэлцүүлэг явуулсан шийдвэрийн төсөлд өөрчлөлт оруулах, төслийг шийдвэр болгон гаргахдаа Иргэний танхимд зохион байгуулсан хэлэлцүүлэгт үндэслэнэ.
2.5.  Нээлттэй хэлэлцүүлэгт оролцогчдод урьдчилсан болзол тавихгүй байна.
2.6. Иргэдийн нийтлэг эрх ашгийг ноцтой зөрчсөн шийдвэрийг батлагдсанаас хойш хэлэлцүүлж болно.
2.7. Иргэний танхимд явагдах хэлэлцүүлэг нь монгол хэлээр явагдана.

Гурав. Иргэний танхимын үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт

3.1. Иргэний танхимын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь нийтийн нээлттэй хэлэлцүүлэг байна.
3.2. Нээлттэй хэлэлцүүлэг нь оролцогч тал, асуудал оруулагч тал болон зохион байгуулагч талаас тус тус бүрдэнэ.
3.3. Нээлттэй хэлэлцүүлэгт оролцогч нь Чингэлтэй дүүргийн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл байна. Хэлэлцүүлэгт үнэ цэнтэй мэдээллээр хувь нэмэр оруулж чадах төрийн албан хаагч, судлаач, шинжээч, гэрч, олон улсын судалгааны байгууллагын төлөөллийг урилгаар оролцуулж болно.
3.4. Нээлттэй хэлэлцүүлэгт асуудал оруулагч тал нь дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчид, Төлөөлөгчид, Засаг дарга түүний Тамгын газар, харьяа хэлтэс, албад, хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Засаг дарга болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсэг байна.
3.5. Асуудал оруулж буй тал нь нээлттэй хэлэлцүүлгийн даргалагчийн үүргийг гүйцэтгэнэ. Шийдвэрийн төсөл санаачлагчид дээрх субъектуудаар дамжуулан хамтарч асуудлаа оруулж хэлэлцүүлж болно.
3.6. Иргэний танхимын үйл ажиллагааг зохион байгуулагч нь тухайн хорооны Иргэдийн Нийтийн Хурал, Иргэний танхимын ажилтан байна.
3.7. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс нь Иргэний танхимын үйл ажиллагааг зохицуулах,  арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт үнэлгээ хийх, сар, улирлаар нийтийн хэлэлцүүлгийг төлөвлөж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын санал, шийдвэрт хэрхэн тусгаж байгаад хяналт тавьж ажиллана.
3.8. Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлгээс бусад цагт иргэдэд мэдлэг мэдээлэл өгөх зорилгоор уулзалт ярилцлага, сургалт, зөвлөгөөн зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулна.
3.9. Иргэний танхимаар зохион байгуулах сургалт, уулзалт ярилцлагыг баталсан төлөвлөгөө, хуваарийн дагуу Хурлын ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс, Иргэдийн Нийтийн Хуралтай хамтран зохион байгуулах бөгөөд иргэдийг оролцуулах үүргийг хорооны Засаг дарга хариуцна.
3.10. Иргэний танхимын үйл ажиллагааг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба болон Засаг даргын Тамгын газар сурталчилж ил тод, нээлттэй ажиллах нөхцөлийг хангана.

Дөрөв. Иргэний танхимын ажилтан


4.1. Иргэний танхимын ажилтан /цаашид “ажилтан” гэх/ нь тухайн хорооны Иргэний танхимын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллана.  
4.2. Хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга Иргэний танхимын ажилтныг мэргэжил арга зүйн болон өдөр тутмын удирдлагаар хангаж  ажиллах бөгөөд үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана.
4.3. Иргэний танхимын ажилтан нь таних тэмдэг бүхий үнэмлэх, ажлын байр, ном гарын авлага, техник, тоног төхөөрөмж бусад нөхцөлөөр бүрэн хангагдаж ажиллана.
4.4. Иргэний танхимын ажилтны ажлын байр, тавилга, тоног төхөөрөмж, интернет, урсгал засвар, шуудан холбооны зардлыг дүүргийн Засаг даргын Тамгын газар хариуцах ба танхимын ажилтны бичиг хэргийн зардлыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба хариуцна.
4.5. Иргэний танхимын ажилтан нь үйл ажиллагааны төлөвлөгөөгөө тухайн хорооныхоо онцлогт тохируулан сар, улирлаар гаргаж, Хурлын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн даргаар батлуулна.
4.6. Иргэний танхимын ажилтан нь хэлэлцүүлэг зохион байгуулах байр, техник, тоног төхөөрөмжийг бүрэн ажиллуулах, хэлэлцүүлгийг хэвлэл мэдээлэл болон онлайн хэлбэрээр шууд дамжуулах бол тухайн нөхцөлийг бүрдүүлэх, түүнчлэн хэлэлцүүлэгт сэтгүүлч, сурвалжлагч, мэдээллийн ажилтанг урьж оролцуулах, ажиглагч нарыг нэвтрүүлэх, тэдэнд суудал, байрлал хуваарилах, хэлэлцүүлгийн тэмдэглэл хөтлөх, хэлэлцүүлгийн дүнг нэгтгэн тайлан мэдээлэл бэлтгэх ажлыг хариуцан гүйцэтгэнэ.
4.7. Хэлэлцүүлэгт оролцохоор ирсэн хүмүүсийг угтан авч, хэлэлцүүлгийн үеэр үг хэлэх дарааллыг тогтооход хэрэглэх жагсаалт, бүртгэлийг хэлэлцүүлэг даргалагчийн гаргасан маягтын дагуу хийж гүйцэтгэнэ.
4.8. Хэлэлцүүлгийн үеэр аудио, видео материал үзүүлж сонсгох, зураг үзүүлэн таниулах материал байршуулах, компьютерээр материал үзүүлж, танилцуулах бол хэлэлцүүлэг эхлэхээс 2-3 цагийн өмнө хүлээн авч, асуудал оруулагч багтай хамтран техникийн бэлтгэл хангана.
4.9. Хорооны иргэдийн санал хүсэлтийг танхимаар болон санал хүсэлтийн хайрцаг болон бусад танхимын үйлчилгээгээр дамжуулан хүлээн авч зохих шийдвэр гаргагчдад уламжлан дамжуулна.

Тав. Иргэний танхимын хэлэлцэх асуудлын төслийг нийтэд зарлах

5.1. Нээлттэй хэлэлцүүлгийн даргалагч нь төслийн анхны эх, түүний товч агуулга, төслийн үндэслэлийн танилцуулгыг хэвлэл мэдээллээр болон нийтэд зарлахаас ажлын 5 хоногийн өмнө дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны Иргэний оролцооны хэлтэст ирүүлнэ.
5.2. Иргэний танхимд хэлэлцүүлэх төслийн анхны эх, хэлэлцүүлэг болох он, сар, өдөр, байр, эхлэх цаг, үргэлжлэх хугацаа, иргэдийн санал хүлээж авах хаяг, электрон шуудан, лавлагаа авах, хэлэлцүүлэгт биечлэн оролцохоор бүртгүүлэх утасны дугаар, хаягийг дурдсан албан ёсны зарыг нээлттэй хэлэлцүүлэг болохоос 7 хоногийн өмнө телевиз, FМ, интернэт, зарын самбар утсаар нийтэд зарлах ажлыг Иргэний танхимын ажилтан төсөл оруулагч талтай хамтран гүйцэтгэнэ.

Зургаа. Хэлэлцүүлэгт саналаа ирүүлэх

6.1. Хэлэлцүүлэгт оролцогч нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон утсаар хэлэлцүүлэг зарлагдмагц, өөрийн байр суурь үзэл бодол, санал шүүмжлэлээ дараах хэлбэрээр ирүүлж болно. Үүнд:
6.1.1.    Захидлаар
6.1.2.    утас, факсаар
6.1.3.    Электрон шуудангаар
6.1.4.    Веб сайтын санал хүлээн авах булангаар
6.1.5.    Иргэний танхимд болох хэлэлцүүлэгт биеэр оролцох
6.2. Иргэд Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлэгт өөрийн санал, байр сууриа томьёолоход хангалтгүй мэдээлэлтэй байна гэж үзвэл төсөл боловсруулагч нарт хандан асуулт тавьж хариулт авч болно. Төсөл боловсруулагчид асуултын хариултыг Иргэний танхимын хэлэлцүүлгийн үеэр өгнө.

Долоо. Нээлттэй хэлэлцүүлэгт оролцогчид ба хэлэлцүүлэгт
 оролцох дараалал

7.1. Иргэний Танхимын ажилтан нь нээлттэй хэлэлцүүлэгт зөвхөн биеэр оролцохыг хүсэгчдийн дарааллыг тогтоох зорилгоор хэлэлцүүлэг болохоос ажлын 2 өдрийн өмнө Иргэний танхимын утас, факс, электрон шуудангийн хаягаар, захидлаар иргэдийн нэрсийг хүлээн авч бүртгүүлсэн цагийн дарааллаар жагсаана.
7.2. Бүртгэгдсэн нэрийн жагсаалтыг нээлттэй хэлэлцүүлэг даргалах албан тушаалтанд хэлэлцүүлэг эхлэхээс 24 цагийн өмнө танилцуулж, хэлэлцүүлэгт урилгаар оролцох хүмүүсийн нэрийг даргалагчаас хүлээн авах ба бүртгүүлсэн болон урилгаар оролцогчдын нэрсийг жагсаалтын дагуу гаргаж веб сайтад байршуулах замаар нийтэд мэдээлнэ.
7.3. Нээлттэй хэлэлцүүлгийг даргалагч нь оролцогчдын нэрсийн жагсаалт гарсны дараа доорх шийдвэрийн аль нэгийг гаргаж нээлттэй хэлэлцүүлэг болохоос нэг хоногийн өмнө вэб сайтад байршуулна.
7.3.1.    Оролцогчдын нийт тоо Иргэний танхимын суудлын тооноос илүүгүй тохиолдолд нээлттэй хэлэлцүүлгийг Иргэний танхимын байранд зарласан цагтаа энэхүү журмын дагуу эхлүүлнэ.
7.3.2.    Хэлэлцүүлэгт оролцохоо илэрхийлсэн иргэд байрны багтаамжаас их байвал хэлэлцүүлгийг хэд хэдэн ээлжээр хийх буюу өөр байранд хийхээр шийдвэрлэж бэлтгэлийг хангуулна.
7.4. Ижил байр суурьтай иргэд олноороо бүртгэгдсэн тохиолдолд дундаасаа төлөөлөл сонгож хэлэлцүүлэгт оролцуулж болно.
7.5. Асуудал оруулж буй тал төслийн талаар ирсэн саналыг нэгтгэж, тайлбарын хамт төсөлд хавсарган Иргэний танхимын хэлэлцүүлэгт бэлтгэнэ. Хэлэлцүүлэг эхлэхээс өмнө төсөлд өөрчлөлт орсон бол өөрчлөлтийн талаар хэлэлцүүлгийн эхэнд мэдээлэл хийж тайлбарлана.

Найм. Хэлэлцүүлгийн дэг

8.1. Хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга нээлттэй хэлэлцүүлгийг нээж, хэлэлцүүлгийг даргалах хүний нэр, албан тушаал, хэлэлцүүлэгт оролцогчдыг тоо танилцуулна.
8.2. Даргалагч хэлэлцүүлгийн дэгийг оролцогчдод танилцуулан, хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, хэлэлцүүлгийн үргэлжлэх хугацаа, оролцогчийн үг хэлэх хугацааг тус тус тогтооно. Ингэхдээ нэг хүний үг хэлэх хугацааг 3-5 минут байхаар тогтоож болно.
8.3. Хөгжлийн бэрхшээлтэй, хэл ярианы бэрхшээлтэй хүмүүст үг хэлэх хугацааг шаардлагатай хугацаагаар сунгаж болох бөгөөд ингэхдээ нэг хүн А4 хэмжээний бүтэн хуудас материал уншиж танилцуулж чадахуйц хэмжээгээр цаг тогтооно.
8.4. Төсөл боловсруулагч нь хэлэлцүүлэх асуудлын төслийг оролцогчдод танилцуулна.
8.5. Оролцогчдын үг хэлэх дарааллыг хэлэлцүүлэг даргалагч тогтоох ба ингэхдээ энэ журмын 7.2 дахь заалтын дагуу бүртгүүлсэн нэрсийн дарааллыг үндэслэн индэрт урина. Хэрэв төслийг дэмжсэн, эсэргүүцсэн, төсөлд санал тайлбар хийхийг хүссэн хүний тоо тус бүр 3-аас илүү бүртгэгдсэн бол тэдгээр байр суурьтай хүмүүсийг ээлжлэн үг хэлүүлнэ.
8.6. Хэлэлцүүлэгт оролцогчид болон асуудал оруулагчдын зүгээс санал дүгнэлт гаргаж болох бөгөөд ингэхдээ  нэг хүнд 2 минутын хугацаа олгоно.
8.7. Хэлэлцүүлэгт оролцогч нь бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдын яриа таслах, доромжлох зэргээр саад учруулсан үйлдэл гаргавал хэлэлцүүлэг даргалагч дэг баримтлахыг шаардах бөгөөд шаардлагыг үл биелүүлбэл Иргэний танхимын ажилтан тухайн оролцогчийг танхимаас гаргаж болно.

Ес. Хэлэлцүүлгийн үеэр гарсан саналыг шийдвэрт тусгах

9.1. Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлгийн бүх хэлбэрээр санал авч дууссаны дараа төсөл боловсруулсан тал төслийн эхийг 7 хоногт багтаан эцэслэн боловсруулж шийдвэр гаргагч, удирдах албан тушаалтанд танилцуулна.
9.2. Ирүүлсэн бүх санал, тухайн саналууд төсөлд хэрхэн туссан, эс туссаныг тайлбарласан танилцуулгыг хавсарган, төслийн шинэчилсэн хувилбарыг ирүүлнэ.
9.3. Энэ журмын 9.2 дахь заалтын дагуу боловсруулсан төслийг үндэслэн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчид, Засаг даргын гаргасан шийдвэр, УИХ, Засгийн газарт өргөн мэдүүлэх баримт бичгийн шийдвэрийн төслийг веб сайтад байршуулна.
9.4. Иргэний танхимд төслийн талаар ирүүлсэн санал, тухайн санал төсөлд хэрхэн туссан, эс туссан талаар хэлэлцүүлэгт асуудал оруулсан тал, Иргэний танхимын ажилтан хамтран иргэд, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөлд тайлбарлах мэдээлэх үүргийг хүлээнэ.

Арав. Бусад

10.1. Цаг үеийн шаардлага, иргэдийн санал хүсэлт, дүүрэг, хорооны нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлыг шаардлагатай үед Иргэний танхимаар нээлттэй хэлэлцүүлэгт оруулж болно.
10.2. Хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн тодорхой бүлгүүдийн асуудлыг Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлгээр хэлэлцүүлж болно.
10.3.    Нийгмийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, цаг үеийн нөхцөл байдал зэрэг онцгой шаардлагын улмаас Иргэний танхимд болох хэлэлцүүлгийг цуцлах буюу хойшлуулж болно.
10.4. Хойшлогдсон хэлэлцүүлгийг зохион байгуулах тухай зарыг энэхүү журмын 5 дугаар зүйлд заасны дагуу олон нийтэд мэдээлнэ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1265
495 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%