Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 12 дугаар хуралдаан 2015.06.29 09:00 цагт 68,5 хувийн ирцтэй хуралдаж дараах 7 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
1.Нэрэмжит болгох тухай
Хэрлэн сумын Улсын тэргүүний Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг батлан хамгаалахын төлөө зүтгэж, түүхэн гавьяа байгуулсан маршал Хорлоогийн Чойбалсангийн нэрэмжит болголоо.
2.Журамд өөрчлөлт оруулах тухай
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 3 дугаар хуралдааны 1 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан иргэдийн төлөөлөгчдийн Хурлын бодлогын хорооны ажиллах журмын 3.1.1-т “... Хорооны хуралдааны бэлтгэлийг хангаж, хэлэлцэх асуудлыг төлөвлөх, хурлаас гарах шийдвэрийн төсөл боловсруулах...” гэснийг “...Хорооны хуралдааны бэлтгэлийг хангаж, хэлэлцэх асуудлыг төлөвлөх, хурлаас гарах шийдвэрийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурал болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд биечлэн танилцуулна...” гэж өөрчлөн нэмэлт өөрчлөлт орууллаа.
3. Олон нийтийн цагдаагийн ажилтны орон тоог тогтоох тухай
Дорнод аймгийн хэмжээнд 2015 онд ажиллах олон нийтийн цагдаагийн ажилтны орон тоог 46 хүнээр тогтоолоо. Аймаг, сумдын олон нийтийн цагдаагийн ажилтны таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас, нэг бүрийн тусгай хэрэгсэл, урамшил, сургалт явуулахтай холбогдсон зардлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж ажиллахыг аймгийн Засаг дарга /М.Бадамсүрэн/-д даалгалаа.
4.Орон нутгийн тусгай хэрэгцээнээс газар гаргах тухай
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 8 дугаар тогтоолоор батлагдсан Отрын бэлчээр, хадлангийн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан Матад сумын 4 дүгээр багийн нутаг “Цондон уул” гэх газарт байршилтай 156895.746 га газраас
1:115°45' 00.00" 47°04' 52.00"
2.115°46' 46.50" 47°04' 52.00"
3.115°46' 46.50" 47°04' 09.30"
4.115°45' 00.00" 47°04' 09.30" солбицол бүхий 295 га газар
1:115°41' 50.00" 47°06' 45.20"
2.115°43' 04.39" 47°06' 45.20"
3.115°43' 04.39" 47°05' 26.46"
4.115°41' 50.00" 47°05' 26.46" солбицол бүхий 380 га газруудыг тус тус орон нутгийн тусгай хэрэгцээний газраас гаргаж тогтоолыг Ашигт малтмалын газарт хүргүүлж бүртгэлд өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулж ажиллахыг аймгийн Засаг дарга /М.Бадамсүрэн/-д даалгалаа.
5.Атар газрыг тариалангийн газар болгох саналыг дэмжих тухай
Баянтүмэн сумын Жаргалант багийн нутаг Хоёр мэлхийтэд 3000 га, Булган сумын 4 дүгээр багийн нутаг Шанагад 1500 га, Дашбалбар сумын Харзат багийн нутаг Дөч голын зүүн биед 8000 га, Матад сумын Буян-Өндөр багийн нутаг Эрээн дэрсний хоолой орчмын 15000 га, Халхгол сумын 3 дугаар багийн нутаг Шилийн шорвогт 30000 га, Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн нутаг Баянцагааны талын зүүн хойно 3800 га, Уушгийн улаан нуурын баруун урд 1500 га, Чулуунхороот сумын нутаг Дөрөөтөд 4000 га, нийт 66800 га атар газрыг тариалангийн газар болгох тухай сумдын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг тус тус дэмжиж холбогдох материалын хамт Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад уламжилж шийдвэрлүүлэхийг аймгийн Засаг дарга /М.Бадамсүрэн/-д даалгалаа.
6.Аймаг, сумын хилийн цэсийн эргэлтийн цэгийн солбицлыг баталгаажуулах тухай
Баяндун, Баян-Уул, Булган, Гурванзагал, Дашбалбар, Матад, Сэргэлэн, Халхгол, Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Чулуунхороот сумын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн эргэлтийн цэгийг солбицуулж, Хэрлэн, Баянтүмэн, Чойбалсан сумын хилийн цэсийг шинэчлэн тогтоох асуудлыг Дорнод аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 25 дугаар тогтоолд заасны дагуу тогтоохыг дэмжлээ.
Хэрлэн, Баянтүмэн, Чойбалсан сумын хилийн цэсийг шинэчлэн тогтоох, баталгаажуулах ажлыг зохион байгуулж, 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн өмнө аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулахыг аймгийн Засаг дарга /М.Бадамсүрэн/-д даалгалаа.
Мөн Нутаг дэвсгэрийн хилийн цэсийн эргэлтийн цэгийн баталгаажсан солбицлыг газар зохион байгуулалтын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэрэгжүүлэх, хяналт тавьж ажиллахыг аймаг, сумын Засаг дарга нарт үүрэг болголоо.
7. Концессын зүйлийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 08 дугаар тогтоолоор баталсан “Орон нутгийн өмчийн концессийн зүйлийн жагсаалт”-д шинээр “Баяндун сумын 50 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга”-ын 275,0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй үлдэгдэл ажлыг барих-шилжүүлэх төрлөөр нэмж орууллаа.
Мөн Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалтын 7 дугаарт батлагдсан Хэрлэн сумын 6,10 дугаар багийн ажлын алба, агентлаг, өрхийн эмнэлгийн барилгын Хайрхан ажил гүйцэтгэх гэрээ байгуулах эрхийг аймгийн Засаг дарга /М.Бадамсүрэн/-д олголоо.