Билгийн тооллын XVII жарны модон хонин жилийн зуны тэргүүн сарын шинийн хоёрон буюу 6-р сарын 18-ны билэгт сайн өдөр Монгол улсаас БНХАУ-ын Хөлөнбуйр хотод суугаа Консулын газрын албан ёсны нээлтийн ажиллагаа Хөлөнбуйр хотын Хайлаар дүүрэгт зохион байгуулагдлаа. Нээлтийн ажиллагаанд БНХАУ-д суугаа ЭСЯ-ны удирдах албан тушаалтнууд, Дорнод аймгийн ИТХ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хот, Манжуур хот, Хянган аймаг, Хятадын Зүүн гурван мужийн төрийн байгууллагын төлөөлөл, хоёр улсын хилийн боомтын ажилтнууд, эрдэм шинжилгээ, судалгааны төвүүдийн судлаачид зэрэг хүмүүс оролцсон юм. Дипломат арга хэмжээний хүрээнд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг төрийн сүлдээ дээдлэх, төрийн далбаа мандуулах, төрийн дууллаа эгшиглүүлэх ёслол, тууз хайчлах, хэвлэлийн бага хурал зохион байгуулах, санал солилцох уулзалтууд болсон юм.
2014 онд Монгол Улс БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулсны 20 жилийн ой болсон. Энэхүү арга хэмжээний хүрээнд хоёр орны найрсаг солилцооны жил улс төр, худалдаа, эдийн засаг, соёл хүмүүнлэгийн салбарт олон арга хэмжээ зохиож, төлөвлөсөн ажлууд амжилттай хэрэгжиж байгаа. Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосноос хойш нэгэн жарныг үдэж, арвин баялаг түүхтэй манай хоёр орны “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа”-ны илэрхийлэл болсон Монгол Улсаас Хөлөнбуйрт суугаа Консулын газрыг албан ёсоор нээж байна. Хоёр улсын Засгийн газар, Гадаад харилцааны яамд хооронд харилцан тохиролцсоны дагуу 2014 оны 2 дугаар сард БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотод Монгол улсын Консулын газар нээж ажиллуулах албан ёсны шийдвэр гаргасан билээ. Өнөөгийн байдлаар Хөлөнбуйр хот, Хянган аймгийн бүх хот, хошуу, сум, багууд Консулын тойрогт багтаж буй бөгөөд цаашид Ляонин, Жилин, Хармөрөн мужуудыг тойрогт хамруулах чиглэлээр Хөлөнбуйр хотын Ардын Засгийн Ордон, Гадаад Хэрэг Эрхлэх Газар идэвхтэй дэмжлэг үзүүлж байгаа ажээ.
“Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал”, “Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн хөгжлийн цогц бодлого (2009-2016 он)”, “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”, “Монгол Улсын Зүүн бүсийн хөгжлийн хөтөлбөр (2015 он хүртэл)” зэрэг хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн үзэл санаа, хэрэгжилтийн явц, үр дүн, уламжлалт залгамж чанарыг хадгалахад консулын зүгээс анхаарч ажиллах болно гэдгийг Консул Д.Ганболд нээлтийн арга хэмжээний үеэр онцолж байлаа. Мөн Монгол Улсын Гадаад эдийн засгийн харилцааг зөвхөн Гадаад хэргийн яамаар дамжуулж хэрэгжүүлэх тогтолцоонд шилжих зорилгоор тус яамны бүтцэд Гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны газар байгуулагдаад байна. Төрийн бүх шатны байгууллага гадаад улс орнуудтай нэг дуу хоолойгоор буюу гадаад бодлогодоо “Нэг цонх”-оор харилцаж ажиллах зарчмыг нэн тэргүүний зорилт болгон хэвшүүлж, үүний хүрээнд аймаг, нийслэлийн төвшинд гадаад харилцааны нэгдсэн зохицуулалтыг хангах асуудлыг мөрдүүлэх чиглэлээр онцгой анхаарах болно. Монгол төрийн алтан аргамжаа хэмээн тодорхойлдог Консулын газрын бүх үйл ажиллагаа хоёр орны найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, иргэдийнхээ төлөө чиглэн тууштай, далайцтай, эрч хүчтэй ажиллахаа илэрхийллээ.
Хөлөнбуйр хотод Консулын газар байгуулагдснаар Монгол улс БНХАУ-ын Зүүн хойд хэсэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тус бүсээр дамжуулан Зүүн хйод Азийн бүс нутгийн хамтын ажиллагаан дахт оролцоогоо нэмэгдүүлэх боломжтой. Мөн хилийн чанадад зорчиж амьдарч буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахад түлхүү анхаарах юм. Цаашлаад МУ-ын зүүн гурван аймаг Хятадын зүүн хойд бүсийн муж, ӨЗО-уудын харилцаа хамтын ажиллагаа өргөжинө. Улмаар тус бүс нутаг дахь Хавирга, Баянхошуу, Сүмбэр боомтуудыг хөгжүүлэх, зүүн аймгуудын дэд бүтцэтэй холбох, хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах, хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг олон чухал ажлуудыг урагшлуулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа МУ-аас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд цохон тэмдэглэлээ.
Хоёр улсын харилцааг хөгжүүлэх нь иргэдийн нийтлэг хүсэл болж, цаг үеийн хандлагатай хөл нийлж байна. Эдгээр давуу талыг ашиглаж, Хятад Монголын стратегийн түншлэлийн харилцааг тууштай хөгжүүлж, дараахь гурван зүйлийг чанартай хийж чадвал бидний хамтын мөрөөдлийг улам тунгалаг, хурдан биелэхэд түлхэц өгөх нь дамжиггүй.
Нэгд, Стратегийн итгэлцлийг нэмэгдүүлнэ. Хятад Монголын хооронд стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон бөгөөд энэ харилцааны нэг чухал мөн чанар нь бие биеийн ашиг сонирхол, анхаарлыг чухалчлан хүндэтгэхэд оршино.
Хоёрт, Харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Монгол улс баялаг ихтэй, их хөгжил, их бүтээн байгуулалтын чухал шатанд байна. Хятад улс зах зээл, хөрөнгө, техник, хүний хүч зэрэг талаар илэрхий давуу талтай. Хятад Монгол хоёр улсын эдийн засаг харилцан маш сайн нөхвөрлөж байгаагаас шалтгаалж харилцан ашигтай байх нь хоёр талын хамтын ажиллагааны үндсэн шинж юм
Гуравт, иргэд хоорондын найрсаг харилцааг гүнзгийрүүлнэ. Хоёр ард түмэн уламжлалт найрсаг харилцаатай билээ. Сүүлийн жилүүдэд хоёр улсын хооронд иргэдийн урсгал нэг саяыг давж, Монгол Улсад зорчсон гадаад иргэдээс хамгийн олон нь Хятад улсын иргэд болжээ. Энэ нь хоёр улсын харилцааны хөгжлийн чухал үр дүн, үзүүлэлт юм.