Аймгийн ИТХ-ын ээлжит Х хуралдаан үргэлжилж байна. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу 5 дахь асуудал “Чойбалсан хотын хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийг хэлэлцлээ. Хөтөлбөрийг “Дорнод НАА” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Гантөмөр танилцуулав. Ундны усны эх үүсвэрийн гүний 8 худаг байдгаас өнөөдрийн байдлаар 3 нь голлох үүргийг гүйцэтгэж байна. Дээрх худгуудын ундарга багасаж ундны эх үүсвэр тасалдаж болзошгүй, усыг халдваргүйжүүлэх тоног төхөөрөмж ажиллагаагүй болсон зэрэг нь анхаарал татсан чухал эрсдэл бөгөөд цаашид шинээр гүний худаг, ус халдваргүйжүүлэх төхөөрөмж зайлшгүй шаардлагатай болжээ. Орон сууцны дундын өмчлөлийн шугам сүлжээ хуучирч, элэгдэн зэв ихээр хуримтлагдах болсон учир шинэчлэх, ус дулаан дамжуулах төвүүдэд ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж мөн зайлшгүй шаардлагатай аж. Хотын төвлөрсөн шугам сүлжээний 4.7% нь 2-10 жил, 95.3% нь 30-45 жилийн насжилттайгаас шугам сүлжээний элэгдэл ихсэж, зарим хэсэгтээ шугамын түрэлтийг даах чадваргүй болж шугамын гэмтэл их гарч байгаа нь мөн л тулгамдсан асуудал болж байна. Хотын газар өмчлөлийн асуудал төлөвлөгөөгүй явагдсанаас ус түгээх байруудад эрүүл ахуйн бүсийн дэглэм ихээхэн зөрчигдсөн учир гэр хорооллын ус хангамжид анхаарал хандуулах зайлшгүй шаардлага гарч байгаа учир энэхүү хөтөлбөрийг боловсруулах болжээ. Хуралдаанаар “Чойбалсан хотын хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийг хэлэлцэн “Хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөө”, “Ундны усны хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийг тогтоох” тухай тогтоолыг баталлаа. Чойбалсан хотын ус хангамжийн эх үүсвэрийн /гүний худаг/ эрүүл ахуйн бүсийг 100 метрт хотын цэвэр усны төвлөрсөн хангамжийн дамжуулах, түгээх шугамын гол тэнхлэгээс 2 тийш 5 метрт, хот доторх бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах татан зайлуулах шугамын гол тэнхлэгээс 2 тийш 6 метрийн зайд ашиглалтын явцад засвар үйлчилгээ хийх хамгаалалтын зурвастай байх, ус түгээх цэгийн эрүүл ахуйн бүсийг 50 метр, гэр хорооллын иргэд хувийн хэрэгцээндээ зориулж гаргасан усны эх үүсвэрээс бусад хэрэглэгчийг усаар хангах нөхцөлд эрүүл ахуйн бүсийг 30 метр байхаар тус тус тогтоолоо.