Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүнс, үйлдвэр, хөдөө аж ахуйн бодлогын хороо өнгөрөгч пүрэв гарагт хуралдлаа. Бодлогын хорооны даргаар төлөөлөгч М.Бас-Эрдэнийг сонголоо. Хурлаар аймгийн эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн тус бодлогын хороонд хамаарагдах зорилтуудтай танилцаж, бодлогын хорооны ажлын төлөвлөгөө гаргах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Мөн Дорнод аймгийн Хүнс үйлдвэрлэгчдийн холбооноос “Баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийг дэмжих жил”-ийн хүрээнд нутгийн үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг бодлогын төвшинд дэмжиж, нутгийн брэндийг сурталчлах, мөнгөний урсгалыг нутагтаа үлдээх талаар идэвхтэй ажиллаж, аймгийн бүхий л нэгжийн худалдаа эрхлэгчдэд нутгийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг түлхүү худалдаалах, иргэдийг тээвэрлэлт болон хадгалалтын горим зөрчөөгүй эрүүл, шинэхэн бүтээгдэхүүн хэрэглэж хэвших талаар уриалах санал гаргасныг хэлэлцлээ. Энэ дагуу аймгийн Хүнс үйлдвэрлэгчдийн холбооноос бодлогын хороонд тавьсан дээрх саналыг хүлээн авч, аймгийн нийт иргэд, ААН-үүддээ хандан Нутгийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ дэмжих уриалга гаргахаар шийдвэрлэсэн юм. Үргэлжлүүлэн 2015 оны ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ.