Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлагдлаа

2024-10-25

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлагдлаа 

 
 

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.10.17/ нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж, баталлаа.

Монголбанк 2025 онд баримтлах үндсэн чиглэлд дараах зорилтуудыг дэвшүүлэв.

Мөнгөний болон макро зохистой бодлогын хүрээнд 1) хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдэх инфляцыг +-2 нэгж хувийн интервалтай, 6 хувь орчимд, 2027 оноос 5 хувь орчимд тогтворжуулах; 2) төгрөгийн гадаад валюттай харьцах ханш эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэн уян хатан тогтох; 3) макро зохистой бодлогын шийдвэр гаргалтын болон үйл ажиллагааны тогтолцоог нэвтрүүлэн банкны системийн болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эрсдэлийг бууруулахад чиглэсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлнэ. 

Банкны салбарын тогтвортой байдлын хүрээнд 1) банкны салбарын гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зохицуулалтын орчныг бүрдүүлэх; 2) банкнуудын зохистой засаглал, эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, хяналт шалгалтын үнэлгээний аргачлалыг олон улсын жишигт үе шаттайгаар нийцүүлэх; 3) банкны салбарын тогтвортой, ногоон санхүүжилтийн мэдээлэл цуглуулах тогтолцоог бэхжүүлж, уур амьсгалын эрсдэлийн шинжилгээ, стресс тестийн арга зүйг хөгжүүлэхийг зорив. Мөн Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны техник хэрэгжилт, үр дүнтэй байдлын дараагийн харилцан үнэлгээнд бэлтгэж, шууд хэрэгжилтийн үзүүлэлтийн дагуу өөрийгөө үнэлэх болон үндэсний, салбарын үнэлгээг эхлүүлнэ.

Санхүүгийн захын дэд бүтэц, түүний институцийг бэхжүүлэх хүрээнд 1) төлбөрийн систем болон зээлийн мэдээллийн шинэ үйлчилгээг дэмжиж, цаг үедээ нийцсэн хяналт, зохицуулалтын уялдааг сайжруулах, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгох; 2) гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид төгрөгөөр хөрөнгө оруулалт хийх суурь нөхцөлийг бүрдүүлэх, дотоодын мөнгөний захыг хөгжүүлэх; 3) олон нийтийн санхүү, эдийн засгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх стратегийг хэрэгжүүлж, төв банкны бодлого, үйл  ажиллагаа, хэрэгжилтийг олон нийтэд нээлттэй, ил тод хүргэж ажиллах, 4) жижиг, дунд бизнесийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн тогтолцоог олон улсын сайн жишигт нийцүүлэх ажлыг эхлүүлэхээр тус тус зорилоо. 

Монгол Улс цар тахлаас эхлэн геополитикийн хурцадмал байдлаар даамжирсан эдийн засгийн хүндрэлийг амжилттай даван туулж, санхүүгийн зах зээл, эдийн засаг сэргээд байна. Монголбанкнаас хэрэгжүүлэх мөнгөний бодлогын үйл ажиллагаа нь энэхүү сэргэлтийг дунд хугацаанд тогтвортой хадгалж, инфляц, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3226
2081 / 65%
685 / 21%
224 / 7%
236 / 7%