“Шинэ хоршоо” малчны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурав
Монгол Улсын Их Хурлаас баталсан Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд Засгийн газрын 2024 оны 04-р сарын 26-ны өдрийн тогтоолоор “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх тухай тогтоолыг баталж, хэрэгжүүлэхээр болсон. “Шинэ хоршоо хөдөлгөөн” нь хоршооны гишүүн малчдад хөнгөлөлттэй хүүтэй зээл олгох бөгөөд өнөөдөр тус хөнгөлөлттэй хүүтэй зээлийг хэрэгжүүлэх гэрээнд талууд гарын үсэг зурлаа.
Хөтөлбөрийн хүрээнд хоршооны гишүүн малчдад 2029 он хүртэл нийтдээ 5 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийг арилжааны банкнуудтай хамтран олгох бөгөөд энэ жилийн хувьд нийт 500 тэрбум төгрөг олгох юм. Ингэхдээ арилжааны банкнуудын эх үүсвэрээр олгох жилийн 6 нэгж хувийн хүүгээс давсан төлбөрийг Монгол Улсын Засгийн газар жил бүрийн төсөвтөө тусган, санхүүжүүлнэ. Мөн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр малчдын амьжиргааг дэмжих, мал аж ахуйн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргаж, эрчимжсэн, нэмүү өртөг шингээсэн мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг дэмжихэд чухал нөлөөтэй юм.
“Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хөнгөлөлттэй хүүтэй зээлийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслолд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Д. Амарбаясгалан, ХХААХҮ-ийн сайд Х. Болорчулуун болон Зээлийн батлан даалтын сан, арилжааны банкнуудын удирдлагууд, бусад холбогдох төлөөллүүд оролцов.