Иргэдийн нийтийн хурал

2014-12-01 16:40
ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ

     ХОРООНЫ ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ НЬ:

    Үндсэн хуулийн байгууллага
    Нутгийн хөгжлийн бодлого тодорхойлогч
    Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалагч
    Хамтын удирдлагын байгууллага
    Шийдвэр гаргагч байгууллага
    Хууль хэрэгжүүлэгч, сурталчлагч байгууллага
    Орон нутаг дахь ардчиллын бодит баталгаа нь Иргэдийн Нийтийн Хурал мөн.


 Одоогийн мөрдөгдөж буй хууль тогтоомжоор Хурлын байгууллагад дараах эрх хэмжээг олгосон байна. Үүнд:

•    Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим баримтална.
•    Нутгийн өөрөө удирдах ёс нь чөлөөт сонгуулиар сонгогдсон төлөөлөгчтэй, түүнд тайлагнадаг гүйцэтгэх байгууллагатай, тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрх зүйн бодит чадвар мөн.
•    Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна.
•    Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно.
•    Улсын Их Хурал, Засгийн газраас шаардлагатай хэмээн үзсэн тохиолдолд өөрийн бүрэн эрхэд хамаарах зарим асуудлыг шийдвэрлүүлэхээр аймаг, нийслэлийн Хурал, Засаг даргад шилжүүлж болно.

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагаа, нэр хүнд нь Хурлын байгууллага өөрөө өөрийгөө хэрхэн зохион байгуулах, дотоод ажлаа хэрхэн зөв удирдан явуулж байгаагаас ихээхэн шалтгаална. Тиймээс дараах хэдэн зүйлд анхаарлаа хандуулан ажиллах нь зүйтэй юм.

1.    Өөрийгөө зөв зохион байгуулах
2.    Хурлын байгууллагын дотоод ажил, зохион байгуулалт
3.    Хурлын байгууллагын ажлын төлөвлөлт
4.    Хурлын шийдвэрийг сурталчлах, хэрэгжүүлэх, хяналт тавих

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд Хороодын Иргэдийн Нийтийн Хурал, Тэргүүлэгчид хэрхэн ажиллах талаар тодорхой заагаагүй, мөрдөн ажиллах заавар, журам, дүрэм байхгүй тул Хурал өөрөө өөрийнхөө бүхий л асуудлыг зохицуулах шаардлагатай юм.

Хурлын байгууллага байгуулагдсан цагаасаа эхлэн дотоод зохион байгуулалтын асуудлуудаа бие даан хэлэлцэн шийдвэрлэж эхэлнэ.

Юуны өмнө Хурал, Тэргүүлэгчдээс тухайн жил, улиралд хийх ажлын төлөвлөгөөг боловсруулан, хорооны Засаг даргад тодорхой үүрэг чиглэл өгч, хэрэгжилтийг Иргэдийн Нийтийн Хурлаараа хэлэлцэн үнэлэлт, дүгнэлт өгч ажиллана.

Улс, Нийслэл, орон нутгийн бодлого, шийдвэр, дүрэм, журмын төсөлд иргэдийн санаа бодлыг тусгах ажлыг зохион байгуулах, орон нутгийн хөгжил, тулгамдсан асуудлыг иргэдийн оролцоотой нээлттэй хэлэлцүүлэх, тэдний бүтээлч санал, санаачилгыг дэмжин ажиллах хэрэгтэй.

Улсын Их Хурлын гишүүн, Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг сонгогдсон хорооны иргэд, сонгогчидтой нь уулзуулах, тэдэнтэй хамтарсан хяналт шалгалтын ажлыг хийх, хууль сурталчлах ажлуудыг хамтран зохион байгуулах учиртай.


2014-12-01 16:40

Сэтгэгдэл ачааллаж байна ..