Хурлын даргын мэндчилгээ

2014-11-29 18:15

Эрхэм хүндэт Чингэлтэйчүүд ээ,  

2017 онд Чингэлтэй дүүрэг гал голомтоо бадраан, их хотын хойморт эрдэнийн хайрхан уулынхаа алдар нэрийг авсан шинэ дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байна.Та бидний төрөлх дүүрэг, ажиллаж амьдарч буй газар орон минь эх орны нийслэлийн түүхтэй 200 гаруй жилийн амин сэжмээр холбогддог ч Чингэлтэй дүүрэг мэндэлсэн нь 25 жилийн түүхтэй. 25 жилийг өртөөлсөн дүүргийн маань түүх нийслэл Улаанбаатар хот төдийгүй улс Монголын минь хөгжлийн салшгүй нэгэн хэсэг юм. Өнөөдрөөс 25 жилийн тэртээд монголчууд бид хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхийг тунхагласан шинэ Үндсэн хуулиа баталж, хүн төрөлхтөний нийтлэг хөгжлийн замаар замнах хөгжлийн нэгэн шинэ мөчлөгийг эхлүүлсэн билээ. Тэрхүү он цагийн  мөчлөг дээр үүссэн нийслэлийн хамгийн залуу дүүрэг боловч улсынхаа нийслэлийн хөгжилд тод мөр, тодхон замналтай 25 жилийг туулжээ. 

Түүх бүтээсэн 25 жилийн ой бол Чингэлтэй дүүргээр овоглодог, оршин суудаг, ажил амьдралаа холбосон хүн бүхний баяр юм. Та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. 

Төрөлх дүүргийнхээ хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, өнгөрсөн 25 жилийн түүхийг бүтээсэн эзэд болох үе үеийн ИТХ, түүний Тэргүүлэгчид, Төлөөлөгчид, дүүргийн төр захиргааны байгууллагад ажиллаж байсан болон өдгөө ажиллаж байгаа хүн бүхэнд хүндэтгэлтэйгээр баяр хүргэе. Та бүгдийн үйлс бүтээлээр Чингэлтэй дүүрэг минь урагшлан хөгжиж, өнөөдрийн үе цагт хүрч ирснийг талархан дурдахдаа таатай байна.  

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бүхий л аж ахуйн нэгж байгууллагууд, хамтран ажилладаг ажил хэргийн түншүүд, харилцаат нөхдөдөө ойн баярын мэндийг хүргэе. Итгэл дүүрэн хөдөлмөрийн үр шим, ажил хэрэгч харилцааны үр шим нь өнөөдрийг бүтээснийг бид мартах учиргүй. 

Чингэлтэй их хайрхныхаа нөмөрт 8.9 мянган гектар газар нутгийг эзлэн оршдог Чингэлтэй хэмээх их айлд өдгөө 30 гаруй мянган өрхийн 170 мянган хүн ам харьяалагдаж байна. 25 жилийн ойн хоймроос Чингэлтэйчүүд та бүхэндээ төрөлх дүүргийнхээ ойн баярын мэндийг хүргэж, чин сэтгэлийн хүндэтгэл өргөе. Чингэлтэй дүүрэг маань өдрөөс өдөрт хөгжин цэцэглэж, дүүргийн маань иргэд аз жаргал дүүрэн амьдарч хөдөлмөрлөх болтугай гэж ерөөе.

Улиран одсон он жил бүр Чингэлтэйчүүдэд амжилт бүтээл бэлэглэсэн, олон сайхан гэгээн үйлсийг өртөөлсөн билээ. Тэрхүү гэгээн үйлс бүхэн хэзээнээс, хаанаас эхтэй билээ гэвэл эх орны нийслэлд Чингэлтэй дүүрэг галаа асаасан 25 жилийн өмнөх үе цагаас эхлэх нь дамжиггүй. Өмнөх үеийн нандин уламжлалаа өнөд гээхгүй аваас өнөөдрөөр өрнөсөн бүтээн байгуулалт бүхэн ирээдүйн хөгжил дэвшил, сайн сайханд хөтлөхийн учир бий. Өнгөрсөн, өнөө, ирээдүй гурван цагийн алтан хэлхээнд Чингэлтэй дүүрэг минь мөнхөд мандан бадрах болтугай. 

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА

Дамжингийн БАТ-ЭРДЭНЭ

  



 


2014-11-29 18:15

Сэтгэгдэл ачааллаж байна ..